Барилгын салбарын Төгс бүтээгчид хоёр дахь жилдээ чууллаа

Барилгын салбарын томоохон үйл ажиллагааны нэгд тооцогддог “Төгс бүтээгч” арга хэмжээ 3 дугаар сарын 22нд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээг “Премиум Бьюлдинг Материалс” компани хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Тус компанийн зүгээс барилгын салбарын хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилгоор 2018 онд анх “Төгс Бүтээгч”-ийг санаачилж байжээ.  

Барилгын салбарын 300 гаруй төлөөлөгчид “Барилгын салбарын дэвшилтэт технологи, менежмент” гэсэн сэдвийн хүрээнд олон сонирхолтой илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэн, мэдлэг мэдээллээр дүүрэн нэг өдрийг өнгөрүүллээ.

 2019 онд Монгол улсын хэмжээнд нефть боловсруулах үйлдвэр, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн шинэ төсөл болон төмөр зам, автозамын гэх мэт олон томоохон төслүүд эхлэх төлөвлөгөөтэй байна. Тиймээс барилгын салбарын хувьд энэ жил маш шаргуу, зохион байгуулалт сайтай ажиллах шаардлагатай хэмээн мэргэжилтнүүд онцолж байв.

Премиум Групп ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Ганболд арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ:

“Аливаа бизнесийн үйл ажиллагаа нь байнга суралцаж, шинээр эрэл хайгуул хийж, хөгжлийн ноу хау-тай хөл нийлүүлэн алхаж байж өсөн дэвждэг билээ. Ялангуяа эдийн засгийн өсөлтийн энэ цаг үед богино хугацаанд төслөө амжилттай хэрэгжүүлэх,  үр шимийг нь хүртэх боломжийг хайн стратеги төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бизнесменүүд, мэргэжилтнүүд та бүхэнд “Төгс Бүтээгч-2019” арга хэмжээ дэмжлэг болно гэж найдаж байна” гэсэн юм.

“Барилгын салбарын хувьд цаг хугацаа хамгийн үнэ цэнэтэй”

Арга хэмжээний хамгийн эхний илтгэлийг Голомт банкны Ахлах шинжээч Г.Ганзориг тавьсан бөгөөд Монгол улсын эдийн засгийн цикл хэрхэн солигдож байгаа талаар статистик үзүүлэлтийг тайлбарлаж, дараагийн эдийн засгийн хүндрэл хэзээ бий болох магадлалыг танилцуулсан нь тун сонирхолтой байлаа. Премиум Группийн Захирлуудын зөвлөлийн дарга А.Ганхуягийн танилцуулсан “Барилгын төслийн төлөвлөлт, санхүүжилт” сэдэв тус салбарын удирдах ажилтнуудын хувьд үнэхээр үр өгөөжтэй илтгэл болж чадсан. Арга хэмжээний онцлох илтгэл нь Премиум Группийн Сургалт, Судалгаа Хөгжүүлэлтийн албаны дарга, доктор Н.Ундрахын танилцуулсан “Барилгын материалыг нано түвшинд инженерчлэх, НАНО БЕТОН” сэдэв байв. Тэрээр Монголд анх удаа нано бетон зуурмагийг зах зээлд нэвтрүүлж буйг зарлаж, энэхүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн тулд ямар ямар судалгааг хэрхэн хийж, чанар стандартыг баталгаажуулсан талаар танилцуулсан юм.

Саяхныг хүртэл зөвхөн төсөөлөл, мөрөөдөл төдийд яригдаж байсан технологиуд хэдийнээ хэрэглээнд нэвтрээд эхэлжээ. Технологийн энэ хурдацтай хөгжил дэвшилтэй барилгын салбарынхан хэрхэн хөл нийлүүлэн алхаж, үйл ажиллагаандаа үр дүнтэйгээр ашиглах боломжуудын талаар чуулганы хоёрдугаар хэсэгт яригдлаа. Ай Ти Зон ХХК-ийн Тэргүүн Дэд захирал доктор Б.Цээсүрэн “Барилгын салбарын дижитал хувьсал” илтгэлээрээ барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт хэрэглэгдэж буй голлох технологийн хандлагуудын талаар мэдээлэл хүргэсэн юм.

“Саяхныг хүртэл зөвхөн төсөөлөл, мөрөөдөл төдийд яригдаж байсан технологиуд барилгын салбарт хэдийнээ хэрэглээнд нэвтрээд эхэлжээ”

Барилгын материалын үйлдвэрлэлээс харилцагчийн гарт очих хүртэл бий болдог процессуудын оновчтой төлөвлөлт, чанарын удирдлагын тогтолцоон дээр суурилж хийгдсэн хэрэглэгчийн аппликэйшнийг “Премиум Бьюлдинг Материалс” ХХК-ийн Стратеги хариуцсан захирал Т.Оюунбаатар танилцуулав. Тус аппликэйшн хэрэглээнд нэвтрээд эхэлвэл байгууллагын амжилтыг ахиулан, зардлыг бууруулах боломж өндөр байна гэдгийг оролцогчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байв. “CENTRAL” хэмээх тус аппликэйшн тун удахгүй хэрэглээнд нэвтэрч эхэлнэ гэдгийг компанийн зүгээс мэдээллэсэн.

Чуулганы үеэр танилцуулсан 7 илтгэлийг салбар, салбартаа танигдсан туршлагатай, нэр хүндтэй илтгэгчид танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд олон сонирхолтой мэдлэг мэдээлэл, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх  шинэ санааг авснаа чуулганд оролцогчид онцолж байв. “Төгс бүтээгч” арга хэмжээ нь жил бүр уламжлал болон зохион байгуулагдах юм.  

Эх сурвалж доорх хаягаар орж үзнэ үү.

http://news.gogo.mn/r/237788?fbclid=IwAR2duij0GosVy1HhDkvWsYs2kI6WseZSfTbiNy1ze-djbwTz2FeRV49qWeQ

© 2020 он. Premium Group. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.