А.ГАНХУЯГ: “CU МОНГОЛ” БИЗНЕС ХӨГЖИХ НИЙГМИЙН ДЭД БҮТЭЦ БОЛНО

-Бизнес өрөг нэвтрүүлэг энэ удаа Премиум группийн ТУЗ-ийн дарга А.Ганхуягтай ярилцлаа. 1600 гаруй ажилтантай Премиум групп барилга, уул уурхайн ханган нийлүүлэлт, худалдаа зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулж байна. Ярилцлагын онцлох 10 хэсгийг хүргэе. 

– Их сургуулиа төгсөөд л MCS –д санхүүгийн шинжээчээр ажлын гараагаа эхэлж, 17 жил тогтвортой ажилласан. Их ч юм сурч, туршлагатай болсон. Тухайн үед бизнест нэвтрүүлж байгаа бүхэн зах зээл дээр шинэ байсан нь нэг талдаа боломж, нэг талдаа сорилт байлаа. Ахтайгаа нийлж хувийн бизнесээ 10 жилийн өмнө байгуулсан. Гэхдээ хувийнхаа бизнест амралтын өдрүүдээрээ цаг гаргаад, MCS –дээ ажиллаж л байсан юм. Олон хүн надаас хүний бизнест цаг боломжоо зарцууллаа гэж асуудаг байсан. Миний үнэт зүйлтэй нийцээд, би цаг зарцуулъя л гэж шийдсэн бол хүнийх ч байна уу, өөрийн байна уу сэтгэлээ зориулж ажиллах хэрэгтэй. Сэтгэлээ зориулж ажилласан ажлын үр дүнд аз жаргалтай байна.

– 2000 оны эхээр ажлын шугамаар Япон явж, олон компаниудтай танилцаж байсан юм. Тэр үед Японоос олж авсан хоёр чухал зүйлийг одоог хүртэл чухалчилж явдаг. Нэг нь Японд байгууллагууд хоорондоо маш өндөр төвшинд мэдээлэл солилцдог. EDI electronic data interchange гэдэг.  Энэ нь бизнест маш том нөлөө үзүүлдэг юм гэдгийг ойлгож авч байсан. Нөгөө нь бидний байрлаж байсан буудлын доор EMPM гэдэг дэлгүүр байсан юм. Өглөө эрт хажуугаар нь явахаар завгүй Япон залуучууд кофе, өглөөний цайгаа ууж, хоолоо иддэг. Шөнө дундад ороход ч нээлттэй, хүний хэрэгцээт бүх үйлчилгээ нэг дор байдаг. Энэ зүйл яагаад Монголд байж болохгүй билээ гэсэн санаа авч, CU –г Монголдоо оруулж ирж байсан.

– CU-г оруулж ирэхээс өмнө бид конвиниенс үйлчилгээтэй дэлгүүрийг өөрсдийн менежент, судалсан мэдлэгийн хүрээнд “Central express” нэрээр ажиллуулж байсан. Хоёр жил орчим өөрсдийнхөөрөө хийж үзсэн, маш олон туршлага хуримтлуулж, алдаа оноо зовлонг нь мэдэрсэн. Тэгээд Солонгост  нэг номерын тоглогч 15 мянга орчим салбар дэлгүүртэй BGF компаниас франчайзингаар эрхийг нь авч албан ёсоор CU-г оруулж ирсэн. Бидэнд итгэл хүлээлгэж, албан ёсны эрх өгсөн  гол үндэслэл нь 2015 оноос хойш бид үүнийг өөрсдийнхөөрөө хийх гэж оролдсон туршлага байсан. Мэдээлэл судалгаа хийгээд тэр хүмүүстэй  ойлголцох хэмжээнд хүрсэн байсан. Анх үүнийг бизнес, ашиг гэхээс илүү нийгмийн дэд бүтэц гэж харсан. Ашиг  өгөөж талаас нь харвал хөрөнгө оруулалтаа нөхөхөд маш их хугацаа орохоор бизнес.  2018 оны 12 сард анх эхний салбараа нээж байсан. Одоо бид  103 салбар дэлгүүр, мянга гаруй ажилтантай болсон.

– Бизнесүүд хөгжихөд нийгмийн дэд бүтэц хэрэгтэй. Завгүй ажилладаг болсон энэ үед хүн цайны цагаараа цаг гаруй хүлээж хоол идэх хайран. Хүний цагийг хэмнэх бүх боломжоор л хангаж өгөх юм. Нийгмийн дэд бүтэц бизнесийг дэмжиж байдаг.

– Бид Монгол улс Улаанбаатар хотод энэ олон дэлгүүрийн багтаамж байхгүй гэдгийг мэдэж байгаа.  Хэдий хэр багтаамжтай, хэдээс дээш тооны дэлгүүр нээх боломж байгаа билээ гэдэг судалгааг хийж байгаа. Сүүний үйлдвэрлэл, хоол хүргэлт, дистрибьюшн центр гээд том салбарт зэрэг үндсэн хөрөнгө оруулалт хийгээд явсан. Олон ажилтантай, тогтмол зардал өндөр учраас олон салбар дэлгүүр нээж байж, нэг дэлгүүрт  ногдох зардлын ачааллаа багасгана.

– Бид мөн уул уурхайн барилгын материалын үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг. Группийн хэмжээнд 1700-аад ажилтантай болсон байна. Оюу толгойн бүтээн байгуулалт дээр under ground/ газар доорхи/төсөл буюу дэлхийд маш томд тооцогдох хариуцлагатай уул уурхайн бэлтгэн нийлүүлэгч гэрээгээр хамтран ажиллаж байгаадаа маш бахархалтай байдаг. Олон стандарт, шалгуурыг давж ажилласан. Ашиг олохоосоо өмнө аюулгүй байх ёстой зэрэг аюулгүй ажиллагааны дүрмийг маш сайн баримталдаг, хүнээ нэн тэргүүнд боддог цаг минут тутамд ойлгож, суралцаж байна.

– Оюу толгойн гэрээн дээр маргаан их өрнөдөг. Бид 34 хувиас өндөр хувь эзэмших ёстой, эсвэл огт хувь эзэмшихгүйгээр татвараа нэмэгдүүлэх хэрэгтэй ч гэж ярьдаг. Таны хувьд үүн дээр ямар байр суурьтай явдаг вэ? 

– Оюу толгой  төслийн хувьд авч үзэхэд өнөөдөр Монгол улсын маш том хөдөлгөгч хүч, маш том мега төсөл. 34% авах уу, авахгүй юу, рояалти болох уу болохгүй юу,  ямар ч тохиолдолд энэ төсөл явж байх ёстой. Засаг хэр зэрэг менежер байхаас шалтгаалаад тэр 34% байхыг ч үгүйсгэхгүй, зөв байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. 34% ямар ч бизнес дээр хувьцаа эзэмшигч болж байгаа. Үүний үнэ цэн юу юм бэ гэдэг дээр бид бодлого бодох ёстой. Өнөөгийн үнэ цэн гэдэг нь мөнгөн урсгал эргэлдэж байж үнэ цэнтэй байна.

– 10% татвар авчихъя, 25% татвар авчихъя гэж ярьж байгаа боловч тэр бол хувь. Гол нь мөнгөн урсгал бага байхад 80%, 90% аваад ч ноогдох мөнгө нь бага байна. Тэгэхээр эхлээд  их хэмжээний мөнгөн урсгал бий болгоё гэдэг дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй.  Тэр урсгал нь тогтворжсоны дараа рояалти бага байсан ч түүнд ногдох мөнгөн урсгал бидний өнөөдөр хүртэж байгаа баялаг өндөр үнэ цэнтэй болно.

– Бизнесийн хувьд зах зээлээ зөвхөн Монголдоо гэж харалгүй олон улсад гаргахыг зорих хэрэгтэй. Бид гадагшаа гарах боломжуудыг судалж байгаа. Нэн ойрхон Казакстаныг илүү боломжтой юм байна гэж хараад байгаа.

– Бизнес хийж байгаа нийгэмдээ зөв өв үлдээх хэрэгтэй. Бид хөрөнгө оруулалтын сан байгуулж старт апуудад хөрөнгө оруулж, туршлагаасаа дэмжиж бойжуулна гэж төлөвлөдөг.

– Бид хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбараа технологитой хослуулж орлогын эх үүсвэр болгон хөгжүүлэх боломж бий. Ялангуяа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ илүү дараагийн төвшинд гаргаж хөгжүүлж экспортлоход анхаарах хэрэгтэй. Бидний ялгарал бол эко, органик чанар. Заавал олон тооны масс бүтээгдэхүүн гэлтгүй чанартай органик үнэ цэн шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж тансаг зах зээлд гаргаж болно.

Эх сурвалж: https://www.urug.mn/news/4943

© 2021 он. Premium Group. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.